Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-22 13:02:52

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити”, Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийг тус тус байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.


“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх юм.


Эдгээр бүсийн газар нутгийн хэмжээг тус тус тогтоож, эдэлбэр газрын байршил, хил заагийг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт, бодлогын дэмжлэг үзүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгожээ.

 

相关新闻