12 дахь удаагийн Автомашингүй өдөр болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-05-25 13:26:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Жилд хоёр удаа болдог  “Автомашингүй өдөр”-ийн эхнийх нь өнөөдөр болж байна.


Энэ өдөр “Улаанбаатар марафон-2024” олон улсын тэмцээн болж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 6-18 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

 


Замын ачааллыг үе шаттай бууруулах, автомашины хэрэглээнээс үүдэн хүрээлэн буй орчин болон нийгэмд учирч буй сөрөг нөлөөнд иргэдийн анхаарлыг хандуулах зорилгоор автомашингүй өдрийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 12 жил болж байна. Мөн нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхахын ач тусыг сурталчилдаг юм.




Эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалдаг “Автомашингүй өдөр”-өөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагаа уламжлал ёсоор төв талбайд болж байна. Энэ удаа “Lemonspice” хоолны өдөрлөг зохион байгуулж,  “Электро мюзик Монголиа”-гийн хамт олон авто замын төв цэг дээр Монголын шилдэг DJ нарын тоглолтыг толилуулж байна. Бүтэн өдрийн турш эрүүл зөв амьдралын хэвшлийг таниулан сурталчлах дээрх үйл ажиллагаанууд үргэлжилнэ.

Автомашингүй өдрийг дэлхийн 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг ажээ.










相关新闻