ДАРХАН-УУЛ: Энэ жил аймгийн хэмжээнд 349 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэж байна
ФОТО МЭДЭЭДархан, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жил аймгийн хэмжээнд 349 ээж "Алдарт эх" одон хүртэж байна.
Дархан сумын 289, Орхон, Хонгор, Шарын гол сумаас 60 ээж хүртэж байна. Одон авч буй ээжүүдийн 60 гаруй хувь нь 38 хүртэлх насных бөгөөд Дархан суманд бүртгэлтэй 289 ээжийн 24 нь “Алдарт эх I” 265 нь “Алдарт эх II” зэргийн одонгоор энгэрээ мялаажээ.
Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн Монголын мянга, мянган алдарт ээжүүдийн гавьяа зүтгэлийг энэ өдрүүдэд алдаршуулж байна.
Мөн Улсын Их Хурлаас 2010 оны зургаадугаар сарын 25-ны өдөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэ хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонг олгодог болжээ.