“Цагаан-Уул-2016” наадамд Н.Минжинсайхан түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМЗХ-ноос санаачлан хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2016”-ыг энэ жил 18 дахь удаагаа МЗЭ, МҮОНРТ-тэй хамтран зохион байгууллаа.
Энэ жилийн наадамд тэргүүн байрын эзнээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрын шагналыг яруу найрагч Б.Алтанхуяг хүртэв.
Тус наадамд 99 найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 27 найрагч шүүгчдийн шалгаруулалтаар үлдсэн. Харин гуравдугаар шатанд шилдэг 5 яруу найрагч үлдэж, бүтээлээ МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс орон даяар уншин толилуулсан юм.
Дашрамд дурдахад, тус наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Э.Бүжинлхам, Э.Энхболд нар шалгарч байв.
Ж.Болор