Монгол-Беларусийн худалдааг хөгжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийн нэг нь “Биржийн арилжаа” юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны
зургадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол, Беларусийн бизнес форум МҮХАҮТ-ын их танхимд өнөөдөр боллоо.
Форумыг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нээж, Монгол Улсын хөдөө аж ахуйн нөөц баялаг, Беларусь улсын ХАА-н уламжлалд суурилсан дэвшилтэт техник, технологийг хослуулан бизнесийн шинэ боломжуудыг нээж хөгжүүлэх нь манай хоёр орны хамтын ажиллагааны зорилт болно” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Монгол, Беларусын худалдааны
танхимуудын хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцогчдод МҮХАҮТ-ын
ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Улсын бизнес орчинг
танилцууллаа.
Форумд оролцсон Беларусийн
Аж үйлдвэрийн сайд Александр Рогожник “Дэлхийн эдийн засаг, геополитикийн
нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч та, бид одоо байгаа харилцаагаа хадгалахын
тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.
Бидний хамтын хүчин чармайлт эерэг үр дүнд хүрч, нийтийн сайн сайхны төлөө
үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Беларусь улсын Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга Борчук Виталий Петрович форумд “Беларусь улсын аж үйлдвэрийн чадавх” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, Беларусь улс автомашины болон эд ангийн үйлдвэрлэл, зам, барилга, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл төдийгүй ХАА-н бүтээгдэхүүн гээд зах зээлийн хувьд өргөн цар хүрээг хамардаг хэмээн дурдлаа.
Беларусь улс таваарын биржтэй, тэр нь 71 улстай үйл ажиллагаа явуулж, арилжиж буй таваарын арилжааны нийт эргэлт 3 тэрбум ам.долларт хүрээд буйг “Беларусийн бүх нийтийн түүхий эдийн бирж” компаийн ТУЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Горелик Ольга Николаевна танилцуулаад, Монгол-Беларусь хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэх орчин үеийн үр дүнтэй арга хэрэгсэл нь “Биржийн арилжаа” байж болох юм хэмээн тодорхойлон хэллээ.
Форумын төгсгөлд хоёр тал хамтын
ажиллагааны хэд хэдэн баримт, бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
- Монгол-Беларусийн хамтын
ажиллагааны хөгжлийн 2024-2026 оны замын зураглалын эдийн засгийг хэрэгжүүлэх
үйл ажиллагааны төлөвлөгөө,
- “БЕЛАЗ” компанийн орон
нутгийн төлөөлөгч “UNITED MERES MACHINERY LLC” компани “Овоот
Толгой Ресурсес” компанийн хооронд санамж бичиг,
- “Best Fashion Elevators
LLS” болон “Могилевлифтмаш” компани хоорондын санамж бичиг,
- “Спартак” болон “RUSBEL” компанийн хооронд хамтран ажиллах гэрээ,
- “Жабинковский сахарный завод” болон “ЭС ЖИ ЭЛ ЭМ” компани хоорондын хамтран
ажиллах гэрээ,
- “Слуцкий сахарорафинадный завод” болон “ЭС ЖИ ЭЛ ЭМ” компаниуд хамтран
ажиллах гэрээ орж байна.
Фоурмд Беларусь улсаас машин техник, ХАА, хүнсний үйлдвэр, шинжлэх ухаан, банк санхүүгийн салбарын 60 гаруй компанийн төлөөлөгчид оролцлоо.