УИХ-ын 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, тангараг өргөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөж байна.
Ингэснээр тэдний бүрэн эрх баталгаажиж байгаа юм. Гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараглаж байгаа юм.
Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын анхдугаар чуулганыг нээж, үг хэллээ. Тэрбээр
хэлсэн үгэндээ “Ард түмний төлөөлөл болсон та бүхэн ёс зүйн дээд манлайллыг
ямагт үзүүлж байх ёстой гэдгийг цохон тэмдэглэе. Ард түмнийхээ халуун итгэл, их
хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорон, ёс
зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаас няцвал ард түмнээс уучлал гуйн, нэн даруй
өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ёстойг энэ өдөр анхааруулж
хэлэхийг хүсэж байна. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж ардын сайхан үг байдаг.
Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн ч ард түмний төлөөлөл
болж, энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү” хэмээн онцоллоо.
Ерөнхийлөгч үг хэлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Сонгогчдынхоо итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд ээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хзрээнд УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн хуульд заасны дагуу зургадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Мөн гадаадад байгаа сонгогчдоос санал авах ажлыг 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газар зургаадугаар сарын 21-23-нд амжилттай зохион байгууллаа. Үндсэн хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд төр барих дээд байгууллагад төлөөллөө сонгосон нийт сонгогчиддоо мөн талархал илэрхийлье.
Монгол Улсын Их хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль УИХ-ын 126 гишүүнийг анх удаа хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан өргөн цар хүрээтэй боллоо. Сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл, 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн их оролцогчтой болсон онцлогтой байлаа. Сонгуулийн тогтолцооны онцлогоор олон нам, нэр дэвшигч оролцсон нь СЕХ-нд шинэ сорилт мөн болсныг онцлоё. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хэн, хэзээ, юуг хэрхэн хийсэн байхыг нарийвчлан тогтоож өгсөн сонгуулийн эрх зүйн процессоор зохицуулагдаж байдаг онцлогтой. Энэхүү онцлогоор СЕХ энэ удаагийн сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад онцгой анхаарлаа.
Сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд зөрчил гаргасан эсэх гомдлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаа, тагнуул, хуулийн есөн байгууллага шалгахаар хуульчилсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хойш нийслэлд 756, орон нутагт 554 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр гомдол мэдээлэлд холбогдох байгууллагууд шалгалтын ажил явуулсан. Тагнуулийн ерөнхий газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам болон СЕХ-ны дэргэдэх мэдээлэл технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгож ажилласан болно. Сонгуулийн техникүүдийг хоёр үе шаттайгаар нэг бүрчлэн шалгаж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг сонгуульд оролцогчдын хяналттайгаар нээлттэй зохион байгууллаа. Монгол Улсын Их хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг гадаадын болон олон улсын нэр хүндтэй 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж ажилласан. Мөн сонгууль ажиглах 29 орны сонгуулийн төв байгууллагын ажилчид, элчин сайдын яамдын хүмүүс болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын төлөөлөгч нар хяналт тавьж ажиллалаа” хэмээн ярьсан юм.
Үүний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, гишүүд тангаргаа өргөж эхлэв. Нэг гишүүн тангараг өргөхөд минут гаруй хугацаа зарцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар тангаргаасаа илүү үг хэлэхэд анхдугаар чуулганыг удирдан явуулж буй Д.Рэгдэлийн зүгээс тангаргаас илүү үг хэлэхгүй байхыг санууллаа. Гишүүд тангараг өргөх ёслол энэ цаг мөчид үргэлжилж байна.