ЗАВХАН: Улиастай хот XVIII зууны худалдааны гол төв байв
ФОТО МЭДЭЭ![](/files/66865a4b60c33.png)
Улиастай, 2024
оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/.
XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн хэд хэдэн гол замтай байсны
нэг нь одоогийн Завхан аймгийн Улиастай хот юм.
Тухайлбал умард Монголын засаг захиргаа, эдийн засгийн томоохон төвүүдийг холбосон Их Хүрээ–Заяын хүрээ–Улиастай–Ховд чиглэлийн гол төв зам шууд дайран өнгөрч байсан бол Улиастайгаас шууд Хиагт орох замаар гол төлөв үхэр тэргээр жин тээж байжээ.
Тухайн үед Манж Чин улстай холбогдсон худалдааны гол замууд мөн л Улиастайгаар заавал дайран гардаг байсан аж.
Тухайлбал, Улиастай-Сайр ус-Хаалганы чиглэлийн 1700 орчим бээр зам юм. Энэ зам бол Монголыг Хятадтай холбосон хамгийн том зам нь байв. Мөн Улиастай–Гун Чений чиглэлийн 800 бээрийн урт зам нь Халхыг Зүүнгарын нутагтай холбосон чухал замд тооцогддог байсан. Энэ хоёр замаас гадна Улиастай-Хөх хот, Улиастай–Бархөл, Улиастай-Цонжийн чиглэлийн замуудаар жингийн цуваа тасардаггүй байжээ.
Харин Орос улстай холбогдсон худалдааны гол замууд гэвэл Улиастай–Хангилцаг-Урианхайн хязгаарын Хөшөө модны чиглэлийн зам. Энэ зам нь 600 орчим бээр үргэлжлэх бөгөөд Оросын худалдаанд нэлээн ирээдүйтэй хэмээгдэж байжээ. Мөн Улиастай–Хатгал-Мондын чиглэлийн зам Улиастайг Оросын өмнөд Сибирийн мужуудтай холбосон зам байсан гээд Улиастай бол худалдаа наймааны гол зам дайран өнгөрдөг томоохон төв байсан байдаг тухай Завхан аймаг дахь МУИС-ийн Завхан сургуулийн багш Д.Алтанхуяг, М.Цогбаяр нарын “XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тойм” нэртэй судалгааны ажилд дурджээ.
Монгол жинчид
XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн гол замууд
Хятад пүүсийн ажилчид
XIX-XX зууны эхэн үед томоохон гол мөрний хөвөөг бараадан ноос угаах үйлдвэрлэл явуулдаг байв. Улиастай
Да Шэн Куй
1700-аад оны эхэн үеэс Фэй Ян Гуйгийн удирдсан цэрэг Улиастайд суурьшихад, Ван Сян Циний хуучин танил Жан Зе, Ши Да Сюэ нартай хамтран худалдааны мухлаг нээн ажиллуулсан ажээ.
Манжийн эрх баригчдын ивээлд багтсан тэдний худалдаа амжилттай болж, удалгүй хэсэг хятадуудыг нэмэн элсүүлж, хамтарсан пүүс байгуулж, эхлээд Зе Шэн Тан, Та Мин гэх зэргээр уг пүүсээ нэрлэж байгаад, хожим нь Да Шэн Куй гэдэг болжээ. Ингэж Да Шэн Куй пүүс байгуулагдсан түүхтэй. Энэ пүүс нь Улиастайн худгийн аманд төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг байсан байгаа юм. Харин төв дэлгүүр нь Маймаачин хотод байв. Худгийн ам хэмээн нэрлэх болсон нь ч тус пүүсийн үйл ажиллагаатай холбоотой гэдэг. Пүүсийн хашаан дотор нэлээн том худаг байсан, түүгээр нэрлэгдсэн байна. Да Шэн Куйгийн төв анхандаа Улиастайд байрлаж байснаа, хожим түүний үйл ажиллагааны хүрээ тэлж ирэх үед Хөх хотод шилжин төвлөрсөн байдаг.
Ардууд бараа бүтээгдэхүүнийг хонь болон, малын арьс ширээр сольж авдаг байв
Улиастайн маймаачны төв хаалга
Улиастай дахь Оросын ноосны үйлдвэрийн ажилчид. Одоогийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг Аралд.