НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж байнгын асаргаатай иргэдэд хамгийн хэрэгтэй зүйл нь болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-09 09:20:46

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын төлөөллийн баг говийн гурван аймгийн 12 суманд ажиллаж зудын гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна.

Орон нутгийн удирдлагууд ажлын багийнхантай уулзах үеэр ирэх өвөл, хаврыг эрсдэл багатай давахын тулд эртнээс хашаа хороо, өвс тэжээлээ бэлтгэж, зудын аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарахыг малчдад захиж, сэрэмжлүүлж байгаагаа ярилаа. 




Дорноговь аймгийн долоон суманд хүмүүнлэгийн тусламж хүрлээ.


Тусламжийн багийнхан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгч, санал бодлыг нь сонсож байна.

Дорноговь аймагт сүүлийн 40 жилийн хугацаанд тохиогоогүй их хэмжээний цас орж өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас 580 мянга гаруй мал хорогдож, 14 сумын 547 өрх малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 55 айл огт малгүй болжээ.

НҮБ-ын Хүн амын сангаас малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн багцыг хүргэх ажил орон нутагт үргэлжилж байна.


Улмаар НҮБ, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшлээс 10.4 тэрбум төгрөгийн хандив тусламжийг зудын гамшгийн үеэр болон дараа нь малчдад хүргэж өгснийг Дорноговь аймгийн удирдлага мэдэлэлээ. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас өнгөрсөн 6 дугаар сард тус аймгийн гурван дунд сургуулийн дотуур байрны эмэгтэй сурагчдад хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн, ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг өгчээ.


Энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн олон төрлийн живх нь байнгын асаргаа шаардлагатай хүмүүст хамгийн их хэрэгцээтэй зүйл болж буйг Алтанширээ сумын I багийн иргэн Ю.Буяннэмэх онцлон хэлж байв. Тэрбээр 87 настай ээжийгээ асардаг байна.   

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баасанжав, олон улсын байгууллагаас малчдад туслахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүмүүст дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Хүмүүнлэгийн тусламжийн багц хүлээж авсан айл өрх, эмэгтэйчүүдэд тусламж, хэрэгцээ болохоос гадна дараагийн удаа бид ийм зүйлийг бэлтгэж бэлэн байдалд хадгалж байх нь зүйтэй, нөлөөллийн ажил болж байна. Зудад малаа алдсан малчдын тэр тусмаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүй хүнд байна. Бид өөрсдийн нөөц бололцоогоороо дэмжиж, хамтран ажиллаж байна гэв.

НҮБ-ын Хүн амын сангаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран зудын гамшгийн нөлөөлөлд өртсөн малчид, охид, эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

 

 

相关新闻