Олон улсын банкнуудын төлөөлөл санхүү, мөнгөний шинэ сорилтуудыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-07-09 11:14:12

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоор Монголбанкнаас “Орчин цагийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын хурал зохион байгуулж байна.


Хоёр өдөр үргэлжлэх хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндэт профессорууд, өндөр түвшний бодлого боловсруулагч нар хуран цугларч, Төв банкны цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхийн эдийн засаг болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн сорилтуудын талаар хэлэлцэж байна.




Тодруулбал, эхний өдрийн хурлаар мөнгөний бодлогод тулгарч буй сорилтууд, ялангуяа байгалийн баялаг ихтэй улс орнууд дахь гол сорилтууд болон санхүүгийн салбарын зохицуулалтыг хэлэлцэнэ. Тухайлбал, байнгын өөрчлөгдөж буй макро эдийн засгийн орчин нь мөнгөний бодлогод шинэ сорилтыг бий болгохын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах ач холбогдлыг нэмэгдүүлж байна.




Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай танилцуулсан бол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ОУВС-гийн гүйцэтгэх захирал хатагтай Кристалина Георгиева хурлын төлөөлөгчдөд цахимаар мэндчилгээ дэвшүүлж, ОУТТБ-ны Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Тао Жанг нар нээлтийн үг хэллээ.


Олон улсын хурлыг Монголбанк АХБ, Олон улсын Төлбөр тооцооны банк (ОУТТБ), ОУВС болон Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Бреттон Вудсын “Дахин зохион бүтээх хороо” болон Монголын Банкны Холбоо үйл ажиллагааны стратегийн түншээр хамтран ажиллаж байна.

Олон улсын хуралд Хонгконгийн Төв банкны ерөнхийлөгч Эди Ю, Шри Ланка улсын Төв банкны ерөнхийлөгч Нандалал Верасингхэ, БНСУ-ын Төв банкны дэд ерөнхийлөгч Жае Вон Ли болон олон улсын санхүүгийн байгууллагуудын бүс хариуцсан захирлууд оролцож буйгаар онцлог, өргөн цар хүрээний төлөөллийг хамарч байна.  



 

相关新闻