Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргаар томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг томиллоо.
Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Болор Сангийн сайдаар томилогдсон тул тус байнгын хорооны даргыг томилох шаардлага гарсан. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн.
УИХ-ын гишүүн Ч.Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор, профессор.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшин, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдын албыг тус тус хашиж байв.
1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 онд Сангийн сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Сангийн сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж ирсэн. 2012 оны сонгуулиар дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар 2014 оны 12 дугаар сар хүртэл Сангийн сайдаар томилогдон ажиллаж байсан юм.
Ийнхүү нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргаар томилох санаал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь дэмжлээ.
Ч.Ариунболд