АПУ компанийн урилгаар дуурийн алдарт дуучин Пласидо Доминго, МУАЖ Э.Амартүвшин нар Монголын тайзнаа анх удаа хосолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-30 12:27:11

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн домог Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй хамтран Монголд анх удаа тоглолт хийхээр болжээ.


Дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг наймдугаар сарын 3-ны өдөр 16:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэнэ.


АПУ компанийн 100 жилийн ойн баярт дэлхийн 20 гаруй улсаас хамтран ажилладаг дэлхийн шилдэг техник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго,  энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа МУАЖ Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж,  “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгуулж байна.


Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ, “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” гэдгээ онцолсон байна.


Харин Ардын жүжигчин Э.Амартүвшин, Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монголын үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна гэжээ.


Тэгвэл “Шунхлай группийн ерөнхийлөгч, АПУ хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан, “Монгол Улс үйлдвэрлэгч, экспортлогч, брэнд бүтээгч орон болохын төлөөх замнал АПУ компанийн туулж ирсэн зуун жилийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ түүхэн хугацаанд үеийн үед дэлхийн шилдэг технологи, инновацыг эрэлхийлж, үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Монголын төдийгүй олон улсын хэрэглэгчдэд урлан бүтээсэн брэндээ хүргэж ирсэн. Тиймээс түүхэн 100 жилийн ойгоороо эрхэм харилцагч, хамтран ажиллагсад, хамт олон, хэрэглэгч та бүхэндээ дэлхийн сонгодог урлагийн домогт уран бүтээлчдийн охь болсон бүтээлүүдийг эрхэмлэн зориулж байна” хэмээн ярилаа.


Дэлхийд төдийгүй Монголын сонгодог урлагийн түүхэнд бичигдэх дэлхийн шилдгүүдийн ховорхон хослолыг энэхүү тоглолтоор хүргэх бөгөөд алдарт дуурийн дуучин Пласидо Доминго “Nemico della Patria”, “Perfidi! ... Pietà, rispetto, amore” зэрэг уран бүтээлээ Монголын тайзнаа амилуулах бол Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин “Bizet Toreador, Carmen”, “No vecchio t’inganni... Sì, vendetta, Rigoletto” зэрэг уран бүтээлийг зориулах гэж байна.





相关新闻