Залуу роботчид Тэжоны олон улсын тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-30 11:14:32

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Олон улсын залуу роботчдын тэмцээн Солонгосын Тэжон хотод ирэх сарын 1-нд эхэлнэ.


Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнийг 6-17 насны өсвөрийнхний дунд зохион байгуулдгаараа онцлогтой. 11 дэх удаагийн тэмцээнд дэлхийн 30 орны 2000 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ. Тэгвэл уг тэмцээнд манай улсаас 10 сурагчтай баг “Creative Design” төрөлд өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо.


Тодруулбал, “Цөлжилтгүй эко байгаль-Anti-Desertification project”, Ocean Trash Distinguish Organization буюу Далайн хогийг ялгах байгууламж бүтээлээрээ тус тус оролцох юм.


Харин ганцаарчилсан тэмцээнд Т.Цогт-Очир, М.Гэрэлтдалай нар дагах кодын ангилалд, Т.Гарьд, Т.Ананд, М.Энхтүшиг нар Robot soccer төрөлд, Э.Дөлгөөн, Т.Ананд, С.Өнөболд нар Galaxy plunder төрөлд, Н.Эрмүүн, М.Гэрэлтдалай, С.Өнөболд, М.Энхтүшиг нар Push Push төрөлд, М.Энхтүшиг, Т.Энхтамир, Н.Эрмүүн, Т.Ялгуун Math challenge төрөлд тус тус өрсөлдөх аж.


Уг тэмцээнийг цар тахлын улмаас өмнө нь цахим хэлбэрээр зохион байгуулж байсан удаатай. Тухайн үед Монгол Улсаас оролцсон “My robot time Mongolia” баг өндөр амжилт үзүүлж, 11 алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв.

相关新闻