Японы Саппоро хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Саппоро хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэг энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод, Монгол Японы ард иргэдийн солилцоог өргөжүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Өргөмжит консул Ц.Такэбэгийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Талууд Монгол, Японы харилцааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлж, манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Ц.Такэбэ нь 2014 оноос Монгол Улсын Өргөмжит консулын үүргийг
гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улстай байгаль, цаг уурын хувьд ижил
төстэй Япон Улсын Хоккайдо мужийн техник технологийг Монголд нутагшуулах, орон
нутаг, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн
солилцоог тэлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.