ГОВЬ-АЛТАЙ: Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер өглөө.
УИХ-ын гишүүн Очирбатын Амгаланбаатарын санаачилгаар хэрэгжиж буй "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд цахим системд шилжих, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 2022-2024 онд аймгийн багш нарыг зөөврийн компьютертэй болгох ажил үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Говь-Алтай аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Мэргэжлийн боловсролын сургуулийн 50 багшид аймгийн Засаг дарга Г.Чинбат зөөврийн компьютер гардуулж, ажилд нь амжилт хүслээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу боловсролын салбарын сургалтын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сурлагын дүнг ахиулах, багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд бодит хөрөнгө оруулалт хийж байгаа юм. 2022 оноос Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 830 зөөврийн компьютер, 12 дугаар ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх зорилгоор 630 таблетын санхүүжилтыг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна.