Д.Бямбажав:Уул уурхайн орон нутагт оруулах хувь нэмрийг татвараар хэмжиж болохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУул уурхай орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна вэ гэдэгт өнөөдөр салбарынхан саналаа нэгтгэлээ.
НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн хөтөлбөр, Эрчим Хүчний Холбоонд суралцагчдын Монголын холбоо, Куисландын их сургуультай хамтран “Уул уурхай ба НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд Монголд” сэдэвт хэлэлцүүлгийг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манайх шиг орон өгөөжийг нь хэрхэн хүртэх вэ гэдэгт оролцогсод тогтвортой хөгжлийн зорилтуудаа цаасан дээр бус хөрсөнд буулгах, усыг дахин ашиглахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх хэрэгтэйг чухалчилсан юм.
Хэлэлцүүлэгт Тогтвортой хөгжлийн зорилтууд уул уурхайн салбартай хэрхэн холбогдох, Монгол Улсад үүнийг дэмжихэд НҮБ-ын хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны зорилтуудыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагч Биате Транкман танилцуулав.
Тэрээр хэлэхдээ,“Монгол Улс ядуурлыг устгах, тэгш бус байдалтай тэмцэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготой Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн орнуудын нэг. Монголын тогтвортой хөгжлийн хэтийн төлөв 2030 хөтөлбөрөө баталсан нь ололттой. Тус улсын хувьд эл зорилтуудыг биелүүлэх гол хүчин зүйл нь дан ганц эрдэс баялгийн олборлолт бус юм. Олон салбарыг хамарсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл рүү шилжин тогтвортой хөгжихөд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Улмаар байгаль орчны тогтвортой байдлын тооцоог гарган хэрэгжүүлбэл уул уурхайн салбарын сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой. Мянганы хөгжлийн зорилтуудын нэг болох цэнгэг усны хүртээмж, ариун цэврийн аюулгүй байдлыг хангах явдал олон хүндрэлтэй тулгарсан хэвээр байна.Ийм хүндрэлүүд гарсаар байгаа ч Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Зүүн хойд Азид хамгийн залуу хүн амтай, 15-34 насны залуучууд нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлж буй Монгол Улсад эдийн засаг төдийгүй дотоодын хэрэглээгээ өсгөх боломж их байна. Монгол Улс хөгжлийн асар их нөөц боломжтой. Тус улсад ойрын жилүүдэд хурдацтай хөгжих байгалийн болон хүний нөөц хангалттай бий. Мөн улс орныхоо хөгжлийн үр ашгаас бүх иргэд хүртэхэд чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар зөв бодлого явуулж, үүнд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах хэрэгтэй. Монголын энэ үйл хэрэгт НҮБ мөр зэрэгцэн хамтран ажиллах болно” хэмээн тодотголоо.
Куисландын их сургуулийн судлаач, бие даасан зөвлөх Д.Бямбажав, “Компаниудын өрсөлдөх үндсэн чанар нь ордыг яаж илүү үр дүнтэй ашиглах вэ гэдэгт төвлөрч байна. Харин орон нутагт хэрхэн өгөөж өгөх вэ гэдэгт тухайн уул уурхайн компани, орон нутгийн захиргаа, иргэд харилцан санал солилцож нэг шийдэлд хүрэх ёстой. Орон нутагт уул уурхайн оруулах хувь нэмрийг татвар төлснөөр нь хэмжиж болохгүй. Уул уурхайн орд тодорхой хугацаатай шавхагддаг баялаг. Энэ баялгийг ашиглахдаа мөчлөг дууссаны дараа яах вэ гэдэгт нутгийн засаг захиргаа, иргэд санаачилгатай хандмаар байна. Тэгэхгүй бол уурхайн нөөц дууссаны дараа орон нутгийн эдийн засаг хүндрэх эрсдэлтэй. Өнөөдөр энэ үзэгдэл Австрали, Чили зэрэг улс орнуудад үүссэн. Тиймээс монголчууд дэлхийн алдааг давтахгүйн тулд хөгжлийн зорилтоо зөв тодорхойлж ажиллах эгзэгтэй үед ирээд байна. 100 жилийн турш ашигласан том ордын нөөц дууслаа гэхэд орон нутгийн иргэд юугаар амьжиргаагаа залгуулах вэ гэдэгт бэлтгэх ёстой” гэж ярив.
Өмнөх нийгмийн үед хэрэгжиж эхэлсэн томоохон орд болох “Эрдэнэт” үйлдвэрийг төр удирдаж, ашгаас нь “Эрдэнэт” хотыг цогцлоосон. Харин энэ нийгэмд хувийн компаниудын ашгаар хот босгох боломжгүй хэмээн уул уурхайн зарим мэргэжилтнүүд хэлж байсан юм. Мөн үеэр Уул уурхайн яамнаас Хаалтын тухай хуулийн төсөл боловсруулж байгааг дуулгалаа. Тус хуулийн төслийг баталчихвал орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг салбарынхан тодотгов.
Б.Заяа