Дархан, Улаан-Үд хотын найрамдалт харилцааны 50 жилийн ой ирэх онд тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-15 22:50:38

Оросын Холбооны Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков тэргүүтэй тус хотын албаны төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчлав. Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч цаашдын хамтын ажиллагаа, ах дүү хотын харилцааг улам бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар Дархан хотын 55 жилийн баярын арга хэмжээнд Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг албан ёсоор хүрэлцэн ирж оролцохыг урихад тэрбээр талархан хүлээн авч хүндэтгэж оролцохоо илэрхийлэв. Мөн 2017 онд Улаан-Үд, Дархан хотын найрамдлын харилцааны 50 жилийн ой тохиох тул уг ойн хүрээнд хамтарч хийх ажлуудын талаар ярилцсан юм. 2014 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Дархан хотод Улаан-Үд хотын “Соёлын өдрүүд”-ийг зохион байгуулахад тус хотын нэрэмжит хөшөөг байгуулж Дархан хот дахь “Анхан шатны шүүх”-ийн уулзвараас “Мэргэжил сургалт үйлдвэрийн төв” хүртэлх гудамжийг “Улаан-Үд” хотын нэрэмжит гудамж болгон тохижуулж нээсэн. Харин Улаан-Үд хотод байдаг Дархан хотын нэрэмжит гудамжийг өргөтгөж Музей байгуулахаар болсон тухай А.М.Голков мэдэгдэв.

Эдгээр төлөөлөгчид Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зохион байгуулж буй “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт торгоны замын олон улсын бага хуралд оролцсон аж.  

                                                                                                                 Б.Норовсамбуу

相关新闻