Брэд Питтийн нэрийг барьсан луйварчдыг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД, 2024 оны есдүгээр сарын 25 /CNN/. Цахим орчинд Холливудын од Брэд Питтийн нэрийг барин хоёр эмэгтэйгээс 325 мянган евро /362 мянган ам.доллар/ залилсан хэргээр Испанийн цагдаа нар таван хүнийг баривчилжээ.
Испанийн “Guardia Civil” агентлагаас мэдэгдсэнээр, найман мужийг хамарсан “Бралина” нэртэй ажиллагааны хүрээнд өөр 10 хүнийг мөрдөн шалгасан байна. Нэгэн эмэгтэй луйварчдад 175 мянган евро /195 мянган ам.доллар/ алдсан бол өөр нэг эмэгтэй 150 мянган еврогоо залилуулжээ. Эдгээр мөнгөнөөс цагдаа нар 85 мянган еврог эргүүлэн олж чадсан байна.
Луйварчид Брэд Питтийг шүтэн бишрэгчдийн цахим хуудсыг ашиглан хохирогчидтой холбогдож, нэрт жүжигчин өөрсөдтэй нь хамтран янз бүрийн төсөлд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа гэдэгт эмэгтэйчүүдийг итгүүлсэн ажээ. “Цахим гэмт хэрэгтнүүд хохирогчдоо олохын тулд тэдний нийгмийн сүлжээний хаягийг судалж, сэтгэл зүйн байдлынх нь талаар мэдээллийг цуглуулсан бөгөөд хохирогчдын хэн хэн нь сэтгэл зүйн хямралд өртсөн эмзэг хүмүүс байсныг олж мэдсэн байна.
Тэд хоёр
эмэгтэйтэй шууд зурвасаар харилцаж, цахим шуудан солилцохын тулд мессенжер платформуудыг
ашигласан бөгөөд Брэд Питт өөрсөдтэй нь “WhatsApp”-аар чаталж байна гэж хохирогчид бодож
байсан гэнэ. Хоёр эмэгтэй залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандах хүртлээ хуурамч Б.Питтэд их хэмжээний мөнгийг банкаар шилжүүлсэн байна.
Цагдаа нарын тогтоосноор, гэмт этгээдүүд хуурамч иргэний үнэмлэх ашиглан банкны данснууд нээсэн байжээ. Мөн зарим хүнд бага хэмжээний төлбөр санал болгож, тэдний дансаар дамжуулан мөнгө угаадаг байсныг илрүүлсэн байна.