Намууд сонгуульд оролцож буй мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа дуусахад хоёр хоног үлдэж байна. Дундговь аймгийн хувьд сумын ИТХ- ын 295 мандатын төлөө МАН, АН, МАХН болон бие даасан 604 нэр дэвшигч өрсөлдөж, сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаа юм.
Түүнээс аймгийн төв буюу Сайнцагаан сумын хувьд ИТХ- ын 31 мандатын төлөө 67 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хэвлэн сонгогчдын гарт хүргээд байгаа бөгөөд МАН “Сайнцагаандаа сайхан амьдарцгаая” хөтөлбөр боловсруулсан бол АН “Монгол хүн 2020” хөтөлбөрөөр орон нутгийн сонгуульд оролцож байна.
МАН мөрийн хөтөлбөртөө төрийн үйлчилгээг зөв зохион байгуулж, иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, уламжлалт мал аж ахуйг фермерийн аж ахуйтай хослуулан хөгжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжин өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж бүтээн байгуулалт өрнүүлэх гэсэн үндсэн 4 зорилт тавьж, 50 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 240 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж, аймгийн төвийг гэрлэн дохиотой болгох, шинээр олгосон газруудад дэд бүтэц тавьж, сумын төвийн усан хангамжийн эх үүсвэрийг шинэчлэх, нар салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, сав баглаа боодол, барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэхээр тусгажээ.
АН-ын хувьд Сайнцагаан сумын иргэд олон нийтийн санал санаачлагад тулгуурлаж, орон нутгийнхаа язгуур эрх ашиг, хөгжил дэвшлийн суурь чиг хандлагыг тодорхойлон мөрийн хөтөлбөрөө боловсруулснаа танилцуулж байна.
Тухайлбал, аймгийн төвд Ахмадын ордон буюу Төрийн бус байгууллагуудын соёл үйлчилгээний төв байгуулж, ахмад насны амьдралын ая тухыг хангах зорилгоор “Сайжруулсан зуух” төсөл хэрэгжүүлэх, “Сайнцагааны залуучууд хөгжлийн хөтөч” дунд хугацааны хөгжлийн бодлого боловсруулан залуучуудын хөгжлийг дэмжих, хүүхдийн паркийг амралт зугаалгын бүс болгон өргөжүүлж, “Цахим сум” хөтөлбөр хэрэгжүүлэх, аймгийн төвийн дулаан хангамжийн системийг өргөтгөн сайжруулах зэрэг 20 гаруй ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Т. Отгонтуяа