Морингийн даваанд хог хаягдал боловсруулах үйлдвэр нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Хатуу хог хаяагдал боловсруулах үйлдвэр”-ийг өнөөдөр ашиглалтад орууллаа.
Нийслэл хотод хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, барилга байгууламж хурдацтай баригдаж байгаагаас Улаанбаатар хотод үүсдэг хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдалд сөргөөр нөлөөлж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэх гол нөхцөл болсон. Тэгвэл Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Морингийн давааны хогийн цэгт Эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадал бүхий ландфил, өдөрт 100 тонн барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж дуусжээ.
Энэ хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн байна. Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн ачааллыг багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, тогтвортой ажлын байр бий болгох нөхцөл бүрдсэнийг албаныхан онцоллоо.
Одоогоор нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хог устгаж байна. Ингэхдээ нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгадаг. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2026 оноос хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах, үлдэгдэл үнс нурмаар явган замын хавтан хийх боломжтой болох ажээ.