Аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-17 03:43:42

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тус аймагт ажиллаж байгаа төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдээр дамжуулж нийт иргэддээ Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ Дархан хотынхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, нутаг орноо хөгжүүлэх ачааны хүндийг үүрч яваа өнөө үе, ирээдүй болсон хүүхэд багачууд нийт иргэддээ Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв. Мөн Дархан хотын анхны суурийг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьж байсан тэр үеэс хойш бид хамтдаа их түүхийг бүтээж Дарханыхан гэж алдарших болсондоо сэтгэл хангалуун түүхт ойн өдөртэйгээ золгож байна. Тухайн үеийн ЗХУ, Болгар, Чех, Польш, Унгарын техник эдийн засгийн тусламж болон тэдгээр улсын мэргэжилтнүүд, Дарханчууд хичээл зүтгэл, төрөлх хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрөөр богино хугацаанд сүндэрлэн боссон Дархан хот өнөөдөр найдвартай эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг нийгэм соёлын салбарт улсдаа тэргүүлэн ажиллаж байна хэмээн тодотгов.

Түүнчлэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т тус аймгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 17, Гавьяат цолтон 50, Төрийн соёрхолт зургааг төрүүлсэн нь Та бидний зүй ёсны бахархал болж байдаг. Хотын маань нэр хүнд Монгол Улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болж чадлаа. Дарханы иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой нийт 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилт бүхий тус хөтөлбөрийг ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар баталгаажуулж хөгжил дэвшилд хүрэх замаа тодорхойллоо. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн ИТХ, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллах болно. Хот байгуулалтын нөр их хөдөлмөрч уламжлалыг өвлөн үргэлжлүүлж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хамтдаа ажиллаж, урагшлан хөгжицгөөе. Төрөлх хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж буй хотын иргэддээ эрүүл энх, аз жаргалтай байхын  өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье” гэв. 

                                                                                                                      Б.Норовсамбуу

相关新闻