Бүтээн байгуулалтын зарим ажил удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-17 03:52:38

Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал болж Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хэрэгжилт зэрэг таван асуудлыг хэлэлцэв. Ой угтаж урлаг, соёл спорт, хотын чацуутнуудад хүндэтгэл үзүүлэх, бүтээн байгуулалт зэрэг 50 гаруй ажлыг зохион байгуулсан байна.

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй “Жишиг хороолол-4” хөтөлбөрийн ажил удаашралтай байгааг тус зөвлөлийн хуралдаанаар хөндлөө. Энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд 8, 13, 14, 16 дугаар багийн зургаан хэсэгт тоглоомын талбайн тохижилт, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна. Төслийн ажлыг 340 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Маргад Монгол” ХХК өнгөрсөн наймдугаар сарын 28-нд эхлэн хийж гэрээний хугацаа дууссан боловч нийт ажлын гүйцэтгэл дөнгөж 30 гаруйхөн хувьтай явагдаж байна. Иймд яаралтай ашиглалтад оруулахын тулд холбогдох албаныхан хүн нүч нэмэх, орон нутгийн гүйцэтгэгч компаниудыг хамтран ажиллуулах зэрэг зохих арга хэмжээг авч ажиллана гэв.

Харин “Бурхан Хясаат” ХХК нь 282.1 сая төгрөгийн төсөвтэйгөөр Жишиг хорооллын авто замын өргөтгөл, авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 100 хувь хийж хүлээлгэж өгөөд байгаа юм гэж аймгийн Захирагчийн албаны дарга н.Равжаадэлгэрэх ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

相关新闻