Хамгийн жижигхэн хэмжээтэй рубик шоог бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-10-04 15:40:16

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 4 /Kyodo/. Дэлхийн хамгийн жижиг Рубик шоог Японы нэгэн тоглоомын компани пүрэв гарагт олон нийтэд үзүүллээЭнэ шоо хурууны өндөгний цаана нууж болохуйц жижигхэн хэмжээтэй ажээ. 


Bandai Co” компанийн охин компани болох “MegaHouse Corp” металл боловсруулах дэвшилтэт технологийг ашиглан стандарт хэмжээтэй шооны аравны нэгээс бага хэмжээтэй мини шоог бүтээсэн ба нэг талын урт нь ердөө 5 мм, квадрат тус бүр нь 1.6 мм орчим хэмжээтэй юм.


Нийт 0.3 грамм жинтэй Дэлхийн хамгийн жижиг рубик шоонь 777 777 иен буюу 5300 ам.долларын үнэтэй. Пүрэв гаргаас эхлэн компанийн цахим дэлгүүрт шоог захиалах боломжтой бөгөөд цаашид Азийн бусад оронд борлуулахаар төлөвлөжээ.


39 хэсгээс бүрдэх энэ тоглоомыг ердийн рубик шоотой адил эвлүүлэх боломжтой гэнэ. Үүнийг нарийн чимхлүүр боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн Iriso Precision Co компанид үйлдвэрлэж байгаа ажээ.


Дэлхий даяар алдаршсан гурван хэмжээст шоог 1974 онд зохион бүтээсний 50 жилийн ойд зориулан бяцхан шоог бүтээхэд дөрвөн жил орчмын хугацаа зарцуулсан гэж MegaHouse” компани мэдээлжээ.


MegaHouse-ын ерөнхийлөгч Акихиро Сато хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, бид дэвшилтэт бичил үйлдвэрлэлийн тусламжтайгаар япончуудын ур чадварыг шингээсэн бүтээгдэхүүнийг бүтээж чадсан гэлээ.


Тоглоом үйлдвэрлэгчийн мини шоог энэ оны наймдугаар сарын 23-нд Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн жижиг шоо хэмээн бүртгэсэн байна.


2020 онд тус компани мөн 2 грамм жинтэй, тал тус бүр нь 9.9 мм хэмжээтэй рубик шоог гаргасан нь тухайн үеийн хамгийн жижиг хэмжээтэй шоонд тооцогдож байв.

 


相关新闻