Сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтыг явуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлыг өнөөдөр улс даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.
Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангасан байна. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулсан аж. Түүнчлэн интернэтийн сүлжээгүй хэсгийн хороодод старлинк төхөөрөмж байршуулжээ.
Сонгуулийн өгөгдөл
дамжуулах туршилт нь санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл
гэмтэлгүй хүргэгдсэн эсэх, санал хураалтын өдөр дүн мэдээ
дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилготой. Уг туршилтыг хэвлэл мэдээлэл, олон нийт, ажиглагчдыг оролцуулан зохион байгуулж, туршилтын саналын хуудсыг санал тоолох
төхөөрөмжид уншуулав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цагт болно.