Өвлийн бэлтгэлийнхээ 95.5 хувийг хангаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-15 16:44:10

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэлд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж, бусад шаардлагатай, нийт 654 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж, өвлийн бэлтгэлийнхээ 95.5 хувийг хангаад байна.


Орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг өгч, дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийжээ. Цахилгаан хангамжийн 2755 шугам, тоноглолын бэлтгэлийг хангаж, 6-10 кВт-ын 257 ажлыг цахилгаан дамжуулах шугам сүлжээнд нийлүүлээд байна. Ингэснээр цахилгаан хангамжийн өвлийн бэлтгэл 94.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.


Өнгөрсөн өвөл оргил ачааллын үед эрчим хүчний тасралтгүй байдлыг хангахад бэрхшээл тулгарсан. Давхардсан тоогоор 1.9 сая хэрэглэгч цахилгаан хязгаарлалталд орж, энэ тоо 2025 оны өвөл хоёр дахин өсөх судалгаа байсан. Тиймээс өвлийн оргил ачааллын үед хүндрэл үүсэхээс сэргийлж, дулааны эх үүсвэрт хөрөнгө оруулснаар нөхцөл байдлыг шийдэх юм. Тухайлбал, Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг 11 дүгээр сард төвийн эрчим хүчний системд холбосноор цахилгаан эрчим хүчийг нэмнэ. Гэр хорооллын өрхүүдийн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг судалж, тодорхой байршлуудад цахилгааны хэмнэлттэй тоолуур байршуулж, дутагдаж буй эх үүсвэрийг дэмжих, гэр хороололд тусгайлсан дулаан эрчим хүчний багц гаргаж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

 

相关新闻