Протез, ортотикийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Канад Улсын иргэн Шэйла Пурвэсийг “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул гардууллаа.
Шэйла Пурвэс 2011 оноос хойш манай улсад сэргээн засалч
мэргэжилтнүүдийг (сэргээн засалч эмч, хөдөлгөөн, хөдөлмөр засалч, сэргээн
засахын сувилагч) чадавхжуулан, хүний нөөцийг бэлтгэхэд олон төсөл хөтөлбөрийг
санаачлан хэрэгжүүлж, олон
улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Шэйла Пурвэс “Протез, ортопедийн үйлдвэр нь тусдаа шинжлэх
ухаан. Хүнд хиймэл гар, хөл хийж өгөхөд протез, ортопедийн үйлдвэрийн техникч
мэргэжилтнээс гадна протез, ортопедийн инженер, хөдөлмөр, хөдөлгөөн засалчаас
бүрдсэн баг хамтран ажилладаг.
Ортез, протезийг зөвхөн
хиймэл гар, хөлөөр төсөөлж болохгүй. Бүх төрлийн чиг слинт, тавхайн унжилтын
чиг, бүх төрлийн туслах хэрэгслийг хамруулж ойлгоно. Монголд
ийм мэргэжлийн баг, хүний
нөөц хангалтгүй байна. Протез,
ортопедийн инженер, техникчдийн ажиллах орчин тааруу байгаа нь бүтээгдэхүүний
чанарт нөлөөлдөг. Олон улсад ортез, протезийн бүтээгдэхүүн технологийн хөгжлөө дагаад хурдтай шинэчлэгдэж байгаа. Үүнээс суралцах хэрэгтэй”-г тодотгожээ.
Тэрбээр Бие бялдар сэргээн засах
судлалын Монголын нийгэмлэг, Монголын Бие бялдар хөдөлгөөн заслын холбоо, Монголын хөдөлмөр
заслын холбоо, АШУҮИС-ийн Бие бялдар судлалын танхимын багш, эмч нартай 10
гаруй жил хамтран ажиллаж байгаа аж.
Манай улсад хөдөлгөөн засалч 4000, хөдөлмөр засалч 2500 хүн
хэрэгтэй гэсэн судалгаа бий. Гэтэл
хөдөлмөрийн зах зээл дээр 50 гаруй хүн хөдөлмөр засалчаар, 300 орчим хүн
хөдөлгөөн засалчаар ажилладаг. Хэл засалч мэргэжилтэй хүн байхгүй тул АШУҮИС-ийн Бие бялдар
судлалын танхим 2025-2026 оны хичээлийн жилд хэл засалч мэргэжлээр элсэлт
авахаар төлөвлөөд байгаа. Хүн
амын насжилт, өвчлөл, төрөлхийн эмгэг гэх мэт шалтгааны улмаас эрүүл мэнд,
нийгмийн хамгаалал, боловсролын салбарт хөдөлмөр, хөдөлгөөн, хэл засалчдын
эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгааг
ГБХНХЯ мэдээлжээ.