Бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Зуншлага өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгджээ.
Бэлчээрийн даацыг тооцоолоход нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 21 хувь нь даац
1-3 дахин, 4 хувь нь даац 3-5 дахин, 8 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын
бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд хэтэрч
гарсан байна.
Тодруулбал, Баян-Өлгий,
Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багийн нутгаар даац
хэтэрсэн аж. Бэлчээрийн даац
олон дахин хэтэрсэн (улаан) сумдад
Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн
Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг,
Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сум хамрагдаж байна. Харин
Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн,
Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун,
Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр,
Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт,
Тосонцэнгэл сумын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 21
хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан аж.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж
болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ зун зуншлага харьцангуй сайн байсан
бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй байна.
Хүйтний улиралд цас их орох, өнгөн хэсэг нягтарч хатуурах,
цагаан болон мөсөн зудын нөхцөл үүсэх тул бэлчээр хомсдоход хүрдэг. Иймд ирэх
өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрсэн
аймаг, сумын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх,
малаа борлуулах, тоог багасгах зэргээр өвөл, хавартаа бэлдэх шаардлагатай байгааг ОБЕГ мэдээлэв.
ЦУОШГ-аас 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргажээ.