Газрын дуудлага худалдааг 90 орчим байршилд зохион байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран энэ онд ер орчим байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна.
Үүнээс 35 байршилд ялагч тодорсон тул газар эзэмших эрхийг нь баталгаажуулжээ. Дуудлага худалдаагаар
авсан газар нь архитектурын төлөвлөлтийн даалгавартай байдаг нь иргэн, аж ахуйн
нэгжийн цаашид хийх ажилд
давуу тал болдог. Нийслэлийн
Газар зохион байгуулалтын албанаас газрын төлөв байдлын чанарын баталгааны
дүгнэлтийг 5 жилд нэг удаа хийдэг байна.
Сонгон шалгаруулалтыг түргэн, шуурхай, ил тод зохион
байгуулах үүднээс цахимаар явуулж, Газрын биржийн цахим системийг хэрэглээнд
нэвтрүүлээд байгаа. Үүнд оролцохын
тулд газрын биржийн цахим систем буюу www.mle.mn сайтад
дуудлага худалдаанаас 7 хоногийн өмнө хүсэлтээ илгээнэ. Ингэхдээ дуудлага
худалдааны анхны үнийн дэнчингийн 10 хувь буюу 12500 төгрөгийг Төрийн санд
тушааснаар оролцох эрх нээгддэг аж.
Газар эзэмших, ашиглах зориулалтаар дуудлага худалдаа зохион байгуулдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашиглах эрхийн зөвшөөрөлтэй гэрчилгээ олгогдог бол Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид эзэмших эрх олгодог. Иймд газар ашиглах, эзэмших эрхтэй аль ч аж ахуйн нэгж, байгууллага оролцох боломжтой. БХБ-ын сайдын тушаалаар баталсан аргачлалын дагуу 16 бүсэд 17 зориулалтаар дуудлага худалдааны анхны үнэ тогтоодог. Тодруулбал, төвийн 1 дүгээр бүсэд хамгийн их үнэ 1 мв.к нь 140,800, алслагдсан 16 дугаар бүсэд 1 мв.к нь 220 төгрөгөөр тогтоодгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн О.Батчимэг тэмдэглэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.