Орон нутгийн төсвийн орлогыг 4 сум тасалдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-18 16:56:44

Архангай аймгийн төрийн сан, санхүүгийн хэлтсээс мэдээлснээр, оны эхний 9 сард Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Чулуут сумд 4.2-18.6 хувиар тасалдуулж, бусад сум 4.3 хувиас 3.9 дахин давуулан биелүүлжээ.

Харин улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр Архангай аймаг өөрөө 4470.6 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5814.3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 130.1 хувиар биелүүлсэн байна.

25 мянган хүн хишиг хүртжээ

Архангай аймгийн хэмжээнд 2016 оны эхний 9 сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 25 мянган хүнд 6754.5 сая төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт тусламж, хишиг олгосноо халамж үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

Тэтгэврийн даатгалын сангаас 27.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 1092.6 сая төгрөгийг олгожээ.

Харин нийгмийн халамж үйлчилгээгээр олгосон нийт мөнгөний 59.3 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгосон халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт, 40.7 хувийг улсын төсвөөс олгосон тэтгэмж, тусламж эзэлж байна.

Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний зөвхөн 19.8 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгожээ.

Гэмт хэргийн улмаас 17 хүн нас баржээ

Оны эхний 9 сард аймгийн хэмжээгээр гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 155 хүн бэртэж улс болон иргэдэд 2064,8 сая төгрөгийн хохирол учирсан талаар Архангай аймгийн статистикийн хэлтсээс албан ёсоор мэдээллээ.

Тус аймагт эхний гурван улиралд 403 холбогдогч бүхий 401 гэмт хэрэг гарсны дотор өмчлөх эрхийн эсрэг хэрэг 129 зонхилж байгаа юм байна.

2015 оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо хоёр хувиар, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 27,7 хувиар нэмэгджээ.

Энэ бүхэн Архангай аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дорвитой авахгүй байгаатай, нөгөөтэйгүүр хувь хүмүүсийн биеэ авч явах соёл үгүй болсонтой холбоотой хэмээн зарим судлаач мэргэжилтэн үзэж байна.

                                                                                       Архангай аймаг Л.Булган

相关新闻