Даалин урлаач Япон бүсгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол хэл сурангаа зүү ороох хатгамалд "дурласан" япон бүсгүй Саори Мацумототой даалин урлалын газар санаандгүй таарч, ийнхүү ярилцсан юм.
-Өөрийн тань
урласан даалин үнэхээр гоё юм аа. Зүү ороох хатгамлыг анх яаж сурсан бэ?
-Би Улаанбаатар
хотод байр түрээсэлж амьдардаг. Манай байрны эзэн анх надад зүү ороох хатгамлаар урлаж буй даалингаа харуулсан юм. Тэр үед ээж минь ч
гэсэн элдэв юм оёдог уран бүсгүй болохоор, би ч гэсэн чадаж магадгүй гэж бодсон л доо. Тэгээд л зүү
ороох хатгамал заах газар сураглаж, интэрнэтээс хайж байгаад “Уран хатгамал өв соёл” урланг олж мэдсэн. Хамгийн дажгүй нь гээд холбогдсон. Долоо хоног заалгая гэж бодоод иртэл үнэ
төлбөргүй сурах боломжтой байсан. Анхан шатны мэдлэгтэй болсон ч намайг
мэдэхгүй зүйл байвал асууж лавлаарай гээд маш найрсаг хандсан.
-Зүү ороож хатгасан анхны эд нь юу байв?
-Эхлээд эмэгтэй
хүмүүсийн барьдаг жижигхэн хавтага оёод найздаа бэлэглэсэн. Харин найз минь өөрт
нь зориулж дэлгүүрээс худалдаж авсан гэж бодсон байсан. Намайг хатгасан гэж итгээгүй.
Үүний дараа дунд гарын даалинг зүү ороож хатгахаар шийдээд энэ хар ногоон даалинг
дүүргэлээ.
-Даалингаа хэр
удаан хугацаанд дүүргэсэн бэ?
-Өө би бараг 5
сар зүү ороож хатгасан шүү дээ. Нэг өдөр сүрхий хатгана, зарим өдөр зав гарахгүй амждаггүй гэх
мэт явсаар байгаад ямар ч байсан дуусгасан.
-Нэг даалин
гараас гарахаар дахиад нэгийг оёх хорхой хөдлөөд байдаг тал бий дээ?
-Харин тийм. Дахиад
даалин зүү ороож хатгана гээд хүрч ирээд, аль нь зүгээр юм бол гээд л хараад зогсож
байна. Энэ даалинг би жаахан бараан өнгө сонгочихсон байсан юм. Харин одоо чинийх шиг (миний зүү ороож хатгасан даалинг заангаа) өнгөлөг олон хээ хуартай даалингийн бэлдэц сонгодог ч юм уу гэж бодоод байна. Бас сая битүүлгэсэн даалинг сайн ажиглавал бага
зэрэг тэгш бус харагдаж байгаа. Одоо зүү ороож хатгах даалингийнхаа оёдлыг илүү сайжруулах
шаардлагатай байгаа. Дараа хүнд өгөхийн тулд маш гоё зүү ороож хатгамаар байна. Бас амьтны дүрс хатгаж сурах хүсэл байгаа.
-Зүү ороох хатгамлын юу нь хамгийн сайхан санагдсан бэ?
-Зүү ороогоод хатгаж байх тэр мөчид би юу ч боддоггүй. Ямар ч муу юм бодохгүй, нэг мэдэхэд нэг цаг,
хоёр цаг өнгөрчихсөн байдаг. Дэмий юм бодохгүй байгаа нь сайхан санагддаг. Бас
өчнөөн цаг хугацаа, хөдөлмөр гаргасны дараа битүүлээд бэлэн болсон даалингаа хараад
маш гоё мэдрэмж төрсөн. Өмнө нь дахиж зүү ороож хатгах эсэх талаар эргэлзэж байсан бол
битүүлсэн даалингаа хараад урам орж, дахиад бүр илүү гоёыг хийх хүсэл төрсөн. Үүнтэй
зэрэгцээд монгол ардын хээ угалзны талаар ойлголттой болж, утга учрыг нь мэдэх
тусам илүү сонирхолтой байгаа. Өөрийнхөө хэмжээнд багагүй судалж байгаа ч илүү ихийг
мэдэхийг хүсэж байна.
-Илүү ихийг
мэдэхийг хүсэж байгаа гэхээр төлөвлөж санасан зүйлс их байгаа болтой?
-Тийм ээ, би
түрүүн ээж минь уран хүн байдаг гэсэн дээ. Надаар юм оёулах гэхэд би дургүй
байдаг байсан. Энд ирээд санаандгүй байдлаар зүү ороох хатгамлыг сонирхож сураад, бүр дурлачихлаа. Тэгэхээр
япондоо буцаж очихдоо энэ хатгамлаар сонирхсон зүйлээ туршиж үзэж, гоё юм
хийж болох юм гэж бодсон. Японд зүү ороох хатгамлыг хүмүүс мэдэхгүй.
-Монгол үндэсний хувцас,
эдлэл хэрэгслийг зүү ороох хатгамлаар чимэхэд чамин гоё урлал болдог. Нууц биш бол
зүү ороох хатгамлаар юу хийе гэсэн бодол төрж байгаа вэ?
-Би гоёл чимэглэлийн
урлагийг их сонирхдог. Янз бүрийн ээмэг, зүүлтний гоё гоё зургууд утсандаа
цуглуулаад хадгалсан байгаа. Өөрөө ч бас ийм байвал гоё юм уу гээд сэтгэдэг.
Тэгэхээр гоё ээмэг хийгээд дээр нь зүү ороож хатгаж болох юм гээд, ганц нэгийг туршиж
үзэхэд дажгүй санагдсан. Нутагтаа очоод буйдангийн дэрнүүд дээр зүү ороож хатгаад гоё
болгож болох юм гэж бодсон. Бас бус бодсон юмс бий.
-Монголд анх
хэзээ ирж байв, одоо ямар ажил эрхэлж байна вэ?
Анх 2019 онд Монголд ирж байлаа. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирсэн. Би монгол хэлний ангид сурдаг. Надад одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй, монгол хэлээ илүү сайн сурах хүсэлтэй. Би сувилагч мэргэжилтэй ч энэ чиглэлээр ажилладаггүй.
-Монголд дахин ирэх
хүслийг юу төрүүлээд байна вэ? Яагаад заавал монгол хэлийг сонирхож сурах
болсон бэ?
Монголын хот, хөдөө аль нь ч хамаагүй өдөр тутмын амьдрал нь надад таалагддаг, маш сонирхолтой, амьд харилцаатай гэх үү дээ.
Зүгээр л автобусанд суугаад явж байхад ч гоё санагддаг. Японоос шал өөр, ялгаатай, бүх зүйл нь сонирхолтой байдаг.
-Жишээлбэл юу нь хамгийн
сонирхолтой, хачирхалтай санагддаг юм бол?
-Би чинь та нарын хувьд гадаад хүн шүү дээ. Гэтэл надтай гадаад хүн биш юм шиг, яг л өөрсдийнхөө нэгэн адил харьцдаг. Гудманд алхаад явж байхад ”Хөөе, миний дүү” гээд надаас юм асууна. Нэг удаа бүр, банканд үл таних хүн картаа гаргаж өгөөд, мөнгөний машинаас мөнгөө авч чадахгүй юм, заагаад өгөөч гээд гуйж байсан. Би тэр хүний банкны картны нууц үгийг мэдчихэж байгаа юм. Муу хүн байвал яана. Би “За тэгье” гээд л аваад өгсөн, мэдээж муу зүйлд ашиглахгүй л дээ. Гэхдээ дотроо “Ёо, ямар сонин юм бэ” гээд гайхаад өнгөрөх зүйл олон тохиолддог. Манай улсад ийм зүйл огт болохгүй. Намайг өөрсдийнхөө нэг мэт харьцдаг нь маш гоё байдаг.
Монгол хүний харилцаа их халуун дотно. Монголд амьдрахдаа өөрийгөө гадаад хүн гэж мэдэрдэггүй учир монгол хэлийг улам сайн сурахыг хүсдэг.
Дөнгөж сая та ч бас адилхан, “Даалинг чинь сонирхож болох уу,
та урласан уу” гээд огт танихгүй мөртлөө миний даалинг харж гайхаад, надтай
шууд ярьж эхэллээ шүү дээ. Японд танихгүй хүн л бол танихгүй. Монголчуудын
найрсаг, хэзээний таньдаг хүн шиг харьцдаг энэ л зан чанар надад маш таалагддаг,
их сонирхолтой, гоё.
Мэдээж хэцүү
санагдах, дургүй зүйл бий. Гэхдээ хэрэв дургүй бол би эргээд ирэхгүй,
тэр чигээрээ явчихна шүү дээ. Нутаг буцсан ч Монголыг санаад, эргэж ирмээр
санагдаад байдаг юм. Хэцүү зүйл нь ч миний дурсамжийн нэг хэсэг шүү дээ. Японд
очихоороо Монголыг санадаг, үргэлж эргэж ирэхийг хүсээд байдаг.
-Хөдөө явж байв
уу?
-Зун Хөвсгөл, Дорнод, Төв аймгийн Хустайн нуруу зэрэг газраар аялсан. Хөдөөний байгаль, хүмүүс нь гээд ер нь бүх зүйл нь гоё. Хөдөөний хүмүүс илүү зочломжтой, бас их ах дүүсэг, гэр бүлсэг санагдсан. Япон хүмүүсийн хувьд хамаатнаа хаана байдаг, юу хийдгийг тэр бүр мэдэхгүй. Монголчууд бүх л ах дүүгээ мэддэг, бас нэгэндээ зочилдог, тусалдаг, байнга холбоо харилцаатай байдаг юм билээ. Энэ нь надад халуун дулаан сайхан санагддаг. Үнэхээр гоё, энд байгаад л баймаар газар.
Саори эх орондоо очсоныхоо дараахан Монголыг санаад зурсан зургаа фэйсбүүк хуудсандаа нийтэлснийг нь та бүхэндээ хүргэж байна.