Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-18 17:35:04

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.


Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барих ажлыг үе шаттай хийнэ. Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах гэрлэн дохиогүй, хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг энэ сарын 25-нд хаах бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулах юм.  


Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “Тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний баг нь 2025 онд аль трассаар, хамгийн бага газар чөлөөлөлтөөр Улаанбаатар хотын эхний тойрог замыг хийх зэрэг асуудлыг шийднэ. Үүний санхүүжилтийг Туулын хурдны зам ашиглалтад орсны дараа хураамж болон бусад замын сангийн хураамжаар бүрдүүлнэ” гэв.


Түүнчлэн Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрийн ажлын тендерийг ирэх онд зарлаж, эхлүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл, Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах зургаан эгнээ зам бүхий босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлэх юм. Мөн Яармаг-Хархорин чиглэлийн агаарын дүүжин замын тээврийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдсэн боловч гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс шалтгаалан ажлын явц удаашралтай байгаа аж. Гэсэн ч Яармагийн замаар оргил ачаалалдаа 90 мянган машин явдаг тул “Яармаг-Хархорин” чиглэлийн эхний ажлыг ирэх ондоо багтаан дуусгахаар төлөвлөжээ.


Тэрчлэн үргэлжлэл хоёрдугаар трасс болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Шангрила төв” гэсэн чиглэлийг хотын иргэдийн санал асуулгаар шийднэ гэдгийг онцоллоо. 



相关新闻