Сэлбэ, Баянхошуу дэд төвийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар болсон билээ.
Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Уг байршилд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлжээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд ойрын хугацаанд 300 айлтай зөвшилцөх хүлээлттэй байгаа. Хамгийн томоохон хэлэлцээрт орох айлууд бол Долоон буудлын эцсийн нэг давхар худалдаа үйлчилгээ эрхэлдэг объектууд юм. Үүнийг бид ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулна. Уг төслийн санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд газар чөлөөлөлт амжилттай үргэлжилж байна. Мөн бүтээн байгуулалтын барилгажилтад төрийн өмчийн компани бус хувийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөсөн. Тендерийг ирэх сард зарлана. Иймд үндэсний бүтээн байгуулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Түүнчлэн Баянхошуу дэд төвд эхний ээлжийн
440 айлын орон сууц барьж буй. Барилгын ажил дууссаны дараа хоёрдугаар ээлжийн
газар чөлөөлөлтийн хэлэлцээрийг хавар эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссаныг
онцоллоо.