Монгол Улсын иргэний андгай өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-26 14:52:20

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Залуучуудын Холбоо ТББ хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 22 дахь жилдээ зохион байгууллаа.


Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх”-ээр зохион байгуулдаг уламжлалтай.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын эрх зүйт иргэн болж байгаад баяр хүргээд, “Бид Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын Эзэнт гүрнийг байгуулсан баатарлаг түүхийн үргэлжлэл. Эзэнт гүрнээ эвдрэлцүүлэн талцуулж, тусгаар тогтнолоо алдаж, Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил тарчилсан гашуун түүхийг ч мартаж болохгүй. Иргэн хүн улс орныхоо хөгжилд оролцож, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, өв уламжлалаа хамгаалан дээдэлснээр зуун алгассан ч түүхэнд мөнхрөн үлддэг” хэмээгээд Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав болон Ардын хувьсгалыг манлайлагч, үе үеийн цогтой эх орончдын гавьяаг санууллаа.

Тэрбээр, “1924 оны энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиараа Ардын эрхийг тэргүүнд тавьж, Ази тив дэх хоёр дахь Бүгд Найрамдах Улс болсон төдийгүй эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг нээсэн дэлхийн анхдагч орнуудын нэг билээ. Үндсэн хуулиар байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар зааж, төрийн байгууллагуудыг ардчиллын үндсэн дээр сонгон байгуулах зарчмыг тусгаж, шашин шүтэх эрхийг нээлттэй үлдээж, шашны хэргийг төрийнхөөс тусгаарласан. Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд  НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж, төрийн алтан соёмбот далбаа НҮБ-д мандуулсан. Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон, Ази тив дэх ардчиллын Баянбүрд болжээ” гээд, 16 настнуудад хандан, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриалсан юм.


Монгол Улсын иргэний андгай өргөх энэ удаагийн ёслол анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа онцлог юм. Манай улсын хэмжээнд энэ онд 16 нас хүрч буй 62,668 залуус байна. 


Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг 21 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын ивээл дор, нийслэл Улаанбаатар хотод Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулж, сурагчдын 850 орчим төлөөлөл оролцжээ. 



相关新闻