ЗАВХАН: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд 213 иргэн азтан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-19 09:08:55

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгаас худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 211 мянга гаруй баримтаас сугалааны тохиролд 213 баримт тохиролд таарчээ.


НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр өчигдөр буюу энэ сарын 18-ний өдөр орон даяар шууд явагдсан.


Тус тохиролд 11 дүгээр сарын 1–30-ны өдрийн хооронд Завхан аймгаас худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн нийт 211888 баримт хамрагдсан. Таван орон таарсан 3, дөрвөн орон таарсан 19, гурван орон таарсан 191 баримт тохиролд таарч 213 иргэн азтан боллоо.  


Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй. "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын З.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.


Ташрамд, иргэд цахим төлбөрийн QR баримтын талаарх мэдээлэлтэй боловч ашиглахгүй байна. цахим төлбөрийн QR баримтыг 2020 оноос эхэлж ашигладаг болсон. Энэ нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримт юм.


Иргэн бүр татвар төлөгчийн цахим төлбөрийн QR баримтыг ebarimt аппликейшнаар уншуулж баримтаа үүсгэж авах боломжтой учраас иргэд хоорондоо худалдаа хийхдээ төлбөрийн баримтыг олгох боломжтой.


Мөн бизнес эрхлэгчид татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодоо хаяж үрэгдүүлсэн тохиолдолд мөн адил сэргээн авч болно. Тиймээс иргэд цахим төлбөрийн QR баримтыг хэрхэн ашиглах талаар заавар мэдээлэлтэй qr.ebarimt.mn сайтаар хандаж танилцаад өдөр тутам хэрэглэж, хэвшихийг уриалж байна гэж Завхан аймгийн Татварын газраас мэдээлэв. 

相关新闻