БАЯНХОНГОР: ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/6764dcb3acee3.jpeg)
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, ӨЭМТ-үүд даваа-баасан гарагт 22:00 цаг хүртэл, бямба, ням гарагт 10:00-18:00 цаг хүртэл үзлэг хийж байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 3.7 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувь, сүүлийн 3 жилийн дунджаас 12.1 хувиар их байна.
Амбулаторийн 5995 үзлэгээс 833 буюу 13.1 хувь нь, түргэн тусламжийн 180 дуудлагаас 65 буюу 36.1 хувь нь томуугийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 26.8 хувиар өссөн дүн юм.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 72.5 хувь нь томуугийн шалтгаант байгаагийн 79 хувь нь 0-15 нас, үүнээс 56 хувь нь 0-4 насныхан байна.