БАЯНХОНГОР: Жилийн эцсийн мал тооллогыг энэ сарын 7-ноос эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-04 11:58:18

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын 2025 оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд зохион байгуулна.


Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.


Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа.


Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай байдаг байна.


Баянхонгор аймгийн хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр 4026.1 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 46.1 мянган толгойгоор буюу 1.1 хувиар буурсан дүн юм. Тооллогын дүнгээр нийт мал сүрэгт хонь 29.4 хувь, ямаа 59.4 хувь, үхэр 5.5 хувь, адуу 4.4 хувь,  тэмээ 1.3 хувийг тус, тус эзэлжээ.

相关新闻