ДУНДГОВЬ: Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ![](/files/6764fa09d1314.jpeg)
Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар
хуралдаан өнөөдөр 96 хувийн ирцтэй
хуралдаж байна.
Хуралдаанаар аймгийн хөгжлийн 2024 оны жилийн
төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, 2025 оны төсөв батлах ба ирэх
онд иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоох, атар газрыг
тариалангийн газарт шилжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг
шинэчлэн батлах зэрэг 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний
хэрэгжилтийг ЗДТГ-ын ХБТХО-ын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Уянга
танилцуулж, төлөөлөгчид асуулт асуун санал, хэлсний үндсэн дээр 2024 оны
хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг
хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 62,5 хувийн саналаар "Үр дүнгүй
хэрэгжсэн" гэж үнэлэв.
Хөгжлийн бодлогын хэлтсээс 2024 онд тус аймгийн хэмжээнд 158
төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг 85,2 хувь хэрэгжсэн
хэмээн танилцуулсан.
Төлөвлөсөн ажлуудаас Эрдэнэдалай суманд шинээр сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, Луус суманд барих спорт заалны барилга, Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн барилга, Говь-Угтаал сумын спорт заалны барилгын ажлыг дуусгах, Цагаандэлгэр, Дэлгэрцогт сумын соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулах, Бүрдийн уянга зусланд тоног төхөөрөмж, тавилга, зөөлөн эдлэл нийлүүлэх, Өлзийт сумын жишиг тоглоомын талбай байгуулах зэрэг 18 ажил хэрэгжээгүй байна.