Дэлхийд алдартай “Нарита” нисэх буудлын үйлчилгээний менежментийг Монголд нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК Япон улсын “Нарита интернэйшнл Эйрпорт корпорац” болон “Жапан эйрпорт терминал” компаниудын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Гурван тал “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйлчилгээ, үйл ажиллагаанд оролцож буй ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, үйлчилгээг сайжруулах сургалтыг хамтран зохион байгуулах юм. Энэ талаар “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХ-ийн гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнээс тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь дэлхийн агаарын тээвэрлэгчид болон нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын “Скайтракс” байгууллагын аудитын шалгалтын үнэлгээнд хамрагдаж “4 од” зэрэг хүртсэн. Мөн энэ онд анх удаа 2 сая дахь зорчигчоо хүлээн авсан.
Нэг ёсондоо буудлын хүлээн
авах хүчин чадал, үйлчилгээ маань олон улсын түвшинд хүрээд байна. Тиймээс энэ түвшнээ
хадгалж, ололто амжилтаа цааш нэр төртэй үргэлжлүүлж, улам сайжруулах зорилгоор
Япон улсын дэлхийд алдартай, олон улсын ТОП-10 буудалд ордог “Нарита” болон “Ханеда”
нисэх буудлын үйлчилгээний тэргүүлэх менежмент, дэвшилтэт зүйл, ноу хау-гаас
суралцахаар болж байгааг хэллээ.
Хамтын ажиллагаагаар “Нарита” буудлын ажилтнуудыг Монгол Улсад шилжүүлэн ажиллуулах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйлчилгээ, үйл ажиллагаанд оролцож буй ажилтнуудыг Японд урт болон богино хугацаанд сургалтад хамруулах аж.
Санамж бичиг байгуулах ёслолд оролцсон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хэлэхдээ, анхлан Японы улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Чингис хаан” нисэх буудлын хоёр талын хувь эзэмшигч компаниуд нисэх буудлын үйл ажиллагааг улам сайжруулахад анхааран ажиллаж буйг хэлэх нь зүйтэй. Энэ жил гэхэд зорчигчдын тоо бидний төсөөлж байснаас илүү, 2.2 саяд хүрч, Осака, Франкфуртын болон Парисын нисэх буудлуудтай дүйцэхүйц хэмжээнд олон улсын түвшинд үнэлүүлж буйд таатай байна гэв.
ЗТЯ-нд болсон өнөөдрийн
ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол-Японы
хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал
Китанаки Тэкефүми, хамтарсан компанийн Японы талын хувь эзэмшигч “Жапан эйрпорт
терминал” компанийн бизнес хөгжил хариуцсан дэд дарга Хачисүка Казүёо нарын
албаны хүмүүс оролцлоо.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал 2024 оны 11 дүгээр
сарын 30-ны өдрийн байдлаар гадаад, дотоодын 1,633,770 зорчигч, орон нутгийн 389,627
зорчигч, нийт 2,023,397 зорчигч хүлээн аваад байна. Нэг жилийн дотор 2 саяас
илүү зорчигч хүлээн авч үйлчилсэн нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн
салбарт нэгэн шинэ түүх болоод байна.