2025 оныг "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлалаа.
Энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа холбоог хангаж 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн тус жилийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Тогтоол батлагдсантай холбогдуулж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулахыг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо.
2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж
эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг
бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй
төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх
үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын
оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих
юм гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ..