Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг гар аргаар буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-25 15:03:32

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарласан билээ.


Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “Эхний тендерийн сонгон шалгаруулалтад тавьсан шалгуур хангах материал ирүүлсэн аж ахуй нэгж гараагүй. Тендерийн хуульд борлуулалтын орлого, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх гэх мэт нийтлэг шаардлага байдаг. Үүнд нийцэх ААН байгаагүй тул тендерийг дахин зарласан.207-р байрыг буулгах ажиллагаа нэлээд түвэгтэй.


Хоёр байрны дунд барьсан учир тэсэлгээний аргаар буулгах боломжгүй. Тиймээс гар аргаар буулгах шийдвэр гарсан. Ирэх хавар байрыг буулгаж, яг энэ барилгын батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэл гуравдагч этгээдээр татагдсан. Бид гуравдагч этгээдийн хувиар гэм буруутай нь тогтоогдсон ААН-ээр нураасан, барьсан зардлуудаа нэхэмжилж хохирлоо барагдуулна” гэв.

相关新闻