Гадаадын 1500 гаруй иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-11 11:12:37

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ГИХГ энэ оны эхний 11 сарын байдлаар гадаадын 16881 иргэн, 3582 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1222 иргэнийг албадан гаргажээ.


Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 32 улсын 1556 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан байна. Тэдний олонх нь буюу 1130 нь БНХАУ, 151 нь БНСУ-ын иргэн байлаа. 


Зөрчил гаргасан гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 66.7 хувиар нэмэгдсэн байна. Гадаад иргэдийн гаргасан зөрчил нь голдуу хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад газарт зорчих, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлсэн байдаг ажээ.

 

相关新闻