ГОВЬ-АЛТАЙ: Санхүүгийн боловсролыг дэмжих “LEVEL UP” хөтөлбөрийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-27 22:58:57

Есөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгон, хариуцлагатай санхүүгийн хандлагыг төлөвшүүлэх замаар санхүүгийн зохистой шийдвэр гаргаж, ирээдүйд хуримтлал үүсгэн, эрсдэлийг үнэлэх чадвартай иргэд болгон төлөвшүүлэх зорилготой “LEVEL UP” хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт нэгдүгээр сарын 27-нд болов.


Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нар оролцлоо. 


Энэхүү хөтөлбөр нь Говь-Алтай аймаг, Ховд аймаг, Булган аймаг, Орхон аймаг. нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 6500 гаруй ахлах ангийн сурагч, 300 гаруй багш нарын хүрээнд хэрэгжих юм. 





Говь-Алтай аймгийн нээлтэд оролцсон 30 сурагч "АПУ", "Сүү" ХХК-ийн 50000 хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацын хадгаламжийн эрхийн бичгээр шагнуулсан юм. 


Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш нарын сургалтыг Монголбанкны онол, дадлага хосолсон 2.5 өдрийн тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж, сургалтын дараа мэдлэгийг үнэлэх сорилын гүйцэтгэлд үндэслэн батламж олгов. 


相关新闻