ГОВЬ-АЛТАЙ: Цахилгаан эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл шинэчлэл, хөрөнгө оруулалтын ажлаар үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-09 23:28:10

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Алтай Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК нь 2025–2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд техник, зохион байгуулалтын арга хэмжээ (ТЗБАХ)-ний төлөвлөгөөг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.


Тус компанийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Есөнбулаг сумын Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх НЭМ-1 дэд станцын 0.4 кВ хуваарилах байгууламжийг бүрэн шинэчилсэн байна.


Мөн дээрх ажлын хүрээнд 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ын төгсгөлийн тулгуураас 6/0.4 кВ дэд станцууд руу ерөнхий тэжээлийн холболтын ажил зэрэгцэн хийгдсэн нь системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг онцлон мэлээлэв. Эдгээр ажлууд нь батлагдсан техникийн шаардлага, ажлын графикийн дагуу цаг хугацаанд хэрэгжиж, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангажээ. 


“АУЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн ажлын хэрэгжилттэй газар дээр нь танилцах үеэрээ гүйцэтгэгч багт ажлын чанар, хугацаа, аюулгүй байдлыг хангах талаар тодорхой үүрэг чиглэл өгч, санал солилцсон байна. Ил ТӨХК нь дотоод нөөц боломжоороо бүрэн дайчлан, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах зорилтоо тууштай хэрэгжүүлж байгааг ч онцоллоо. 


Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлууд шат дараатайгаар үргэлжлэх бөгөөд бүс нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөгдөөд байгаа ажээ.

相关新闻