ГОВЬ-АЛТАЙ: 15 суманд жижиг оврын хөв цөөрмийг ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн талаар ярилцлаа.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургууль дэргэдээ 50 ортой эмнэлэгтэй болно. Ингэснээр баруун бүсийн иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд 1000 гаруй км зам туулж, Улаанбаатар хотыг зорилгүйгээр Говь-Алтай аймагт эрүүл мэндийн шинэ технологи, инновац бүхий үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэх юм гэдгийг онцлов.
Мөн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Баруун бүсэд гадаргын ус цуглуулах нийт 42 хөв цөөрөм барих ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн 15 суманд жижиг оврын хөв цөөрөм ашиглалтад орно. Ингэснээр усны нөөц багатай, цөлжилт явагдаж буй аймаг, сумд усны нөөцөө бүрдүүлэх чухал ач холбогдолтойг нэмж хэлсэн юм.
Харин иргэдийн зүгээс анагаахын салбар сургуулийн харьяа эмнэлгийг Говь-Алтай аймагт байгуулахаар болсонд талархалтай байна. Мөн бүсчилсэн татварын асуудал, боомтын сэргэлт, боловсролын салбарын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.