Бейонсе “Оны шилдэг цомог” шагналыг хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 3 /AP/. Америкийн алдарт дуучин Бейонсе орон нутгийн цагаар ням гаргийн орой болсон Грэмми хөгжмийн наадмаас “Cowboy Carter” цомгоороо “Оны шилдэг цомог” шагналыг хүртсэнээр наадмын гол шагналын эзнээр анх удаа тодорлоо.
Грэммийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн, хамгийн олон удаа нэр дэвшсэн супер од бүсгүй өмнө нь дөрвөн удаа энэ төрөлд нэр дэвшиж байсан юм. Тэгвэл “Cowboy Carter” цомгоороо XXI зуун гарсаар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй боллоо.
Хамгийн сүүлд 26 жилийн өмнө Лорин Хилл “The Miseducation of Lauryn Hill” цомгоороо “Оны шилдэг цомог” шагналыг хүртжээ. Түүнээс өмнө Натали Коул, Уитни Хьюстон нар мөн хүртэж байв. Ингэснээр Бейонсе Грэммийн наадмын шилдэг цомгийн эзнээр тодорсон дөрөв дэх өнгөт арьст эмэгтэй болж байна.
Лос-Анжелесын Гал түймэртэй тэмцэх газрын ажилтнууд Бейонсед цомыг нь гардуулсан нь саяхан дэгдэж олон мянган байшин барилгыг сүйтгэсэн ойн түймрийг харуулсан олон үзэгдлийн нэг байлаа. Хөтлөгч Т.Ноагийн хэлснээр, шоуны үеэр үзэгчдээс 7 сая ам.долларын хандив цугларчээ.
Бейонсе шагнал гардан авсныхаа дараа "хөгжмийн салбарт олон жил хүчин зүтгэсний эцэст хүртэж буй энэ шагналаа
хатагтай Мартеллд зориулахыг хүсэж
байгаагаа" хэлжээ. Линда Мартелл
бол кантри
урсгалын “Grand Ole Opry” радио нэвтрүүлгээр дуугаа эгшиглүүлсэн анхны өнгөт арьст эмэгтэй юм.
Харин Америкийн рэппер
Кендрик Ламар “Not
Like Us” дуугаараа
энэ шөнийн хамгийн нэр хүндтэй хоёр шагнал болох оны шилдэг уран
бүтээл, шилдэг дуу шагналуудыг
хүртжээ. “Бид энэхүү шагналаа
хотдоо зориулах болно” гэж К.Ламар Лос-Анжелесыг дурдан хэлжээ.
“Not Like Us” дуу нь эдгээр төрөлд шалгарсан
хоёр дахь хип-хоп уран бүтээл бөгөөд өмнө нь Чайлдиш Гамбино “This Is America” дуугаараа хүртэж байсан юм.
Канадын дуучин The Weeknd-ийн хувьд “Cry For Me”, “Timeless” дуунуудаа үзэгчдийн хүртээл болгосноор Грэммийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагчидтай таагүй байсан харилцаагаа сэргээсэн нь ням гаргийн орой үзэгчдэд барьсан гэнэтийн бэлгүүдийн нэг байлаа.
Грэмми-2025 наадмын шилдэг шинэ уран бүтээлчээр Америкийн дуучин бүсгүй Чаппелл Рон шалгарчээ. Бейонсе мөн “Cowboy Carter” цомгоороо “Оны шилдэг кантри цомог” төрөлд шалгарсан бол “Оны шилдэг рэп цомог”-ийн эзнээр Доичи /Alligator Bites Never Heal/ тодорчээ.
Харин шилдэг рок цомог төрөлд Английн “Rolling Stones” хамтлаг /Hackney Diamonds/, шилдэг R&B цомог төрөлд Крис Браун /11:11 (Deluxe)/, шилдэг поп цомог төрөлд Сабрина Карпентер /Short n' Sweet/ нар тус тус шалгарсан байна.