Н.Баяртсайхан:Мөнгөний бодлогын зорилтыг зах зээлийн зарчимд нийцүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мөнгөний бодлогын зорилтоо хэрэгжүүлэхдээ олон улсын стандарт, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслүүдийг ашиглана хэмээн мэдэгдлээ.
Учир нь сүүлийн жилүүдэд Монголбанк мөнгөний бодлогын уламжлалт бус арга хэрэгслээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлж, төсвийн шинж чанартай төслүүдэд санхүүжилт хийсэн. Энэ нь зах зээлийн зарчимд суурилсан хүүний тогтолцоог эвдэж, үнэ ханшийн тогтвортой байдлыг алдагдуулахад нөлөөлснийг тэрээр онцлов.
Төв банк валютын захын дэд бүтцийг сайжруулж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлд нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтлан ажиллах аж. Интервенци хийж валютын ханшийг зүй бус түвшинд барих бодлогоос татгалзаж, гадаад валютын албан нөөцийг хамгаалж, сэргээхэд бодлогоо чиглүүлэх нь ээ. Энэ нь төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад шийдвэрлэх нөлөөтэй гэдгийг Монголбанкныхан хэллээ.
Б.Заяа