Эртний ёсыг энэ цагт авчирсан “Монгол” нүүдэлчин фестивал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-18 16:07:38

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголд 2025 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны нэгдсэн цаглаврын хүрээнд соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалыг манай улс анх удаа зохион байгуулж байна.


Нүүдэлчин монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалт сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин фестивалыг Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй үндэстний бахархал болсон Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор зохион байгууллж буйгаараа онцлогтой. Тус фестивалаас бэлтгэсэн бэсрэг сурвалжилгаа хүргэе.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар ормогц энэ фестивалын уур амьсгалыг шууд мэдэрч болохуйц өртөөнүүдийг харж болно. Тэмээн жин, язгуур урлаг, үндэсний хувцас хэрэглэл, ёслол, хүндэтгэлийн зоог, цаатан гэх мэтээр "Монгол" гэсэн тодотголыг харуулсан бүхий л зүйлийг фестивалын үеэр харуулахыг зорьжээ. Тухайлбал, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж буй “Монгол банхар, тайга, анч нохой, шувуучлахуй” өртөөнд саатахад Монголын уламжлалт ан агнуурын соёл, ач холбогдлыг мэдэх боломжтой байлаа. Энэ өртөөнд зочилсноор монголчуудын ан агнуурын түүх, уламжлал, амьтдыг хамгаалах үүрэг, ач холбогдлын талаар анчид мэдээлэл өгч байна.


Түүнчлэн “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөөнд Монголын сар шинийн баярын үеэр зориулж бэлтгэдэг уламжлалт хоол хүнс, идээ ундаа, тэдгээрийг хэрхэн бэлтгэдэг талаар танилцуулж байв. Өргөөнд монголчуудын баяр ёслолд зориулсан идээ ундаа байх бөгөөд боорцог, сүүтэй цай, бууз, хонины мах, цагаан идээг хэрхэн бэлтгэдэг, хүндэтгэлийн зоогонд ямар хоол хүнс хэрэглэх ёстойг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна билээ.


Мөн монголчууд баярын үеэр зочдыг хэрхэн хүлээн авч, тухлан суулгаж, хоол ундаа хэрхэн өргөдөг тухай уламжлалт зан үйл, ёс заншилтай танилцуулж байна. Энэ мэтчилэн 10 өргөө, өртөөгөөр саатахад монгол уламжлал, нүүдэлчин ахуйн мэдээллийг богино хугацаанд бүрэн дүүрэн авах боломжийг нэг дор цогцлоожээ.

Нийслэлийнхэн гэр бүлээрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьсноор 5 метр өндөр мөсөн гулгуур дээр тоглож, нохой чарга хөлөглөн зугаалахаас гадна тэмээ, сарлаг, морь унахын сацуу ёс заншилтайгаа танилцан, нэг өдрийг өнгөрүүлэх боломжтой ажээ. Үүгээр ч зогсохгүй эртнээс уламжилсан үндэсний спортуудыг сонирхож, хүсвэл өөрөө оролдлого хийж үзэх боломжийг ч нээж өгч байна билээ. “Монгол” нүүдэлчин фестивалын оролцогчид ийн ярьж байна.


Өмнөговь аймгийн ССАЖЗГ-ын дарга Т.Мөнгөнтуул: Манай аймаг хоёр бөхт тэмээгээр дэлхийд алдартай

-Энэхүү фестивалд “Тэмээн жин” өртөөгөөр оролцож байна. Манай аймаг хоёр бөхт тэмээгээрээ Монголд төдийгүй дэлхийд алдартай, тоо толгойгоороо ч тэргүүлдэг. Говь нутгийн соёл болон тэмээ маллах арга ухаан, тэмээний эдлэл хэрэглэл зэргийг багтааж ирснээрээ онцлогтой. Өмнөговь аймгаасаа найман тэмээ, гурван тэмээчинтэй ирсэн. Нээлтийн үеэр тэмээн жингийн цуваа үзүүлбэрээ үзүүллээ. Тэмээ унах, маллах арга ухааныг монгол түмэндээ хүргэж байна. Өвлөн уламжлагч, ардын авьяастнууд тэмээн сүргийн говь магтаалаа дуулж хуурдаж байна.


Хэнтий аймгийн ССАЖЗГ-ын дарга Т.Зулбаатар: Бид анч тайга, хоточ банхар нохойгоо авчирлаа

-Банхар, хоточ банхар нохой, анч тайга нохой, эдлэг шонхор шувуу, ан авын уриа дуудлага зэргээр оролцож байна. Отогт зочилсноор хүүхдэд боловсрол олгож ан амьтныг хайрлан хамгаалах, арьс үс, мөрөөр  нь шинжих, монгол тайга нохойгоор ан ав хийх, гөрөөлөх зэргийг сонирхох боломжтой.  


Ойрад түмний төлөөлөл, СГЗ Ч.Паламжав: Ардын өв уламжлагчид сар шинээр үйлддэг ёсыг сурталчлан таниулж байна

-Монголын уран зургийн галерейн хамт олон цагаан сарын үйл ажиллагааг сурталчилж байна. Үүнд хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд ямар ёс үйлдэх, ямар зан үйл хийх, идээ будаагаа хэрхэн бэлдэх, ямар зан заншилтай байдаг, мэндлэх, ёслох зан үйлтэй холбоотой шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, хорол тооно тоглох, морь уралдуулах, дөрвөн бэрхээ үзэх талаар ардын өв уламжлагчид сурталчлан таниулж байгаа юм.  


Халх сур харваач, уртын дуучин А.Дагзмаа: Цагаан сараар билэг дэмбэрэлтэй, сайн сайхан үг хэрэглэдэг ёстой

-Монголчууд цагаан сараар мэндлэхдээ билэг дэмбэрэлтэй үгсийг хэрэглэж ирсэн ард түмэн. Мэндлэхдээ “Амар байна уу та”, “амархан сайн байна уу” хэмээн насаар бага залуучууд нь ахмад настны тохойг түшдэг ёс заншилтай. Ер нь эртнээс бие биедээ билэг дэмбэрэлтэй үг хэлж, ерөөдөг уламжлал бий. Энэ бүхнийг ирээдүй хойчдоо өвлүүлж, зааж сургахаар хичээж байна. Энэхүү фестивалын хүрээнд хүүхдүүд мэндлэх, ерөөх ёсыг ихэд сонирхож байгааг ажиглалаа.


Архангай аймгийн ССАЖЗГ-ын дарга Н.Сэр-Од: Бид монголчуудын уламжлалт таван идээ, ундааг танилцуулж байна

-Манай аймаг “Чойжин ламын сүм” музейтэй хамтран ёслол хүндэтгэлийн зоог, уламжлалт идээ ундааны өргөөгөөр оролцож байгаа юм. Монголчуудын уламжлалт таван төрлийн идээ ундааг танилцуулж, үйлчилж байна. Чулуут сумын өв уламжлагч н.Цэрэнпүрэв уламжлалт цагаан идээг газар дээр нь боловсруулж, харуулж байгаа нь хүмүүс, тэр дундаа хүүхдүүд их сонирхож байна.  


НСУГ-ын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Жанцансамбуу: Есөн дүүргээс шалгарсан өв уламжлагчид язгуур урлагаар үйлчилж байна

-Язгуур урлагийн өргөөнд монгол тууль, уртын дуу, морин хуур, хөгжмийн тоглолтыг нийслэлийн есөн дүүргээс шалгарсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид нэг баг болж, хөтөлбөрийн дагуу тоглолт зохион байгуулж байна. Нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.


Баян-Өлгийн аймгийн ССАЖЗГ-ын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Цэнд-Аюуш: Казах түмний соёлтой танилцах боломжийг бид олгоно

-Бид найман хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Казах өргөөгөөр зочлоход бүргэдээр ан ав хийх уламжлал, казах гэр, гар урлал, ард түмний харилцаа дуу, домборын күй зэргийг дуулж хуурдан, танилцуулж буйгаараа онцлог юм.

























相关新闻