Топологийн кубитэд суурилсан анхны квант чипийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 20 /TASS/. Топологийн цөм (Topological Core) хэмээх шинэ бүтцэд суурилсан дэлхийд анхных болох квант чипийг “Microsoft” компани танилцууллаа.
"Majorana 1" хэмээн нэрлэсэн энэхүү чипийг бүтээснээр үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэж чадах квант компьютерыг хэдэн арван жилийн дотор биш харин хэдхэн жилийн дотор зохион бүтээх боломж нээгдэж байна гэж компани мэдэгджээ.
Одоогоор “Majorana 1” чип дээр найман топологийн кубит байрлуулаад байгаа бөгөөд цаашдаа нэг сая кубит бүхий чип бүтээх судалгаандаа ашиглахаар төлөвлөж байна.
Энэхүү чипийг квант тооцоололд зориулсан шинэ материал, бүтцийг бий болгох судалгааны төслийн хүрээнд бүтээжээ. Судлаачид энэхүү төсөл дээр 17 жил гаруй ажилласан байна. Судалгааны явцад тэд илүү тогтвортой кубитүүдийг бий болгохын тулд арсенид инди ба хөнгөн цагаанд суурилсан дэлхийд хамгийн анхны "топологийн хэт дамжуулагч"-ийг бүтээж чаджээ.