Олон улсын төлбөр тооцооны тасралтгүй найдвартай байдлыг ханган ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Олон улсын геополитик тогтворгүй, хүнд байгаа өнөөгийн нөхцөлд ОХУ-аас импортоор авдаг стратегийн нэн чухал бараа бүтээгдэхүүн болох шатахуун, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог Монголын банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн хоёр жилийн хугацаанд найдвартай гүйцэтгэж ирсэн.
Энэ хүрээнд Монголбанк болон Сангийн яам 2024 онд АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж, тус улсын банкаар шатахууны төлбөр дамжуулах шинэ суваг нээжээ. Төлбөр тооцооны нэмэлт сувагтай болсон нь хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болохын сацуу шатахууны нийлүүлэлтийг тогтмол байлгаж, үнийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.
Олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх хүрээнд хамтран
ажиллахад таатай байсан тухай АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас ирүүлсэн
албан захидалд Монголын тал түргэн шуурхай ажиллаж, асуудал шийдвэрлэснийг онцгойлон
дурджээ. Цаашид олон улсын төлбөр тооцоо, тэр дундаа ОХУ-аас импортоор авах
бараа бүтээгдэхүүний төлбөрийн саадгүй дамжуулах тал дээр Монголбанк, Сангийн
яам, банкуудын зүгээс анхаарал тавин, АНУ-ын Засгийн газар болон бусад олон
улсын байгууллагатай нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.