ДАРХАН-УУЛ: Үзэсгэлэн худалдаагаар 1.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-02-24 14:21:40

Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-23-ны өдрүүдэд "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа Залуучууд театр болон Найрамдал талбайд боллоо. "Монгол баяр-Монгол бэлэг" уриан дор болсон уг үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэн, ААНБ-ууд 1.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.


13 хоног үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд 250 гаруй иргэн, ААНБ оролцсон бөгөөд ууц, өвчүү, хонь, ямааны гулууз мах, ааруул, цагаан идээ, тавгийн идээ, хэвийн боов, үндэсний дээл, хувцас, арьс, арьсан бүтээгдэхүүн, сүлжмэл эдлэл, гутал, Монгол уламжлалт тоглоом наадгай зэргийг худалдан борлуулжээ.


Тухайлбал хонины ууц, үхрийн өвчүү, хэвийн боов, гүрмэл, ааруул хамгийн эрэлттэй байсан бол үнийн тухайд гүрмэл 6000-7500 төгрөг, хонины ууц 14.000-16.000 төгрөг, үхрийн өвчүү 13.000-15.000 төгрөг, ааруул төрлөөсөө шалтгаалан 30.000-55.000 төгрөгөөр борлуулсан байна.


Үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим Дархан-Уул аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа.


Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон ААНБ, иргэдийг шалгаруулан шагналаа.


Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүнээр: “Мөнх ундрам хүнс” ХХК-ийн Алтан арвай хэвийн боов.

Хүнсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр: “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК-ийн Гүрмэл хэвийн боов.

Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр: “Ану энх наран” ХХК-ийн Сүлжмэл эдлэл.

Үзэсгэлэнгийн нэрэмжит шагналаар: “Шинэ үе хамтын холбоо” ТББ-ын Монгол наадгай хөлөгт тоглоом.

Шилдэг өрхийн үйлдвэрлэгч иргэнээр: Б. Энхбаярын суран эдлэлийг тус тус шалгаруулж шагнан урамшууллаа.