Квантын шууд харилцаа холбооны дээд амжилт тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 25 /Xinhua/. Хятадын эрдэмтэд шууд квант харилцаа холбооны дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, холбоо харилцааны энгийн шугамаар 100 гаруй км-ийн зайд өгөгдлийг 168 цагийн турш тогтвортой дамжуулсан тухай Бээжингийн квант мэдээллийн академи мэдээлжээ.
Уг туршилтыг Цинхуа их сургууль Хойд Хятадын технологийн их сургуультай хамтран явуулсан байна. Туршилтын явцад өгөгдлийг 104,8 км урт шилэн кабелиар секундэд 2.38 кбитийн хурдтайгаар дамжуулсан нь квантын шууд холбоог бодитоор тогтоосон гэсэн үг юм.
Эрдэмтэд хэрэглээнд зориулсан мэдээлэл дамжуулах, хүлээн авахад ашиглагддаг бүрэн хэмжээний төхөөрөмж зохион бүтээжээ. Уг төхөөрөмжинд мэдээллийг кодлох орчин үеийн аргыг хэрэглэсэн байна. Энэ шинэ технологийг аюулгүй байдалд өндөр шаардлага тавьдаг салбаруудад ашиглах боломжтой.
Шууд квант харилцаагаар дамжуулсан өгөгдлийг замаас нь "унших" боломжгүй бөгөөд ийм оролдлого хийсэн тохиолдолд өөрөө өөрийгөө устгадгаараа онцлог гэдгийг шинжээчид онцолжээ.